ДҮРЭМ

 

 

ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ЭВСЭЛ

намын дүрэм

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ

2024 он

 

 

 

 

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

 

1. Эрх чөлөөний эвсэл нам (товчлол “ЭН”, гадаад “Liberté party”) хувь хүний эрх чөлөө, хувийн өмч, чөлөөт зах зээл, эдийн засгийн эрх чөлөө, чөлөөт өрсөлдөөнийг тууштай баримталж чинээлэг иргэдтэй, хараат бус бие даасан Монгол улсыг бэхжүүлэх зорилготой Баруун жигүүрийн үзэл баримтлал бүхий улс төрийн байгууллага мөн.

2. Энэхүү дүрэм нь Эрх чөлөөний үзэл санааг дэмждэг Монгол иргэн бүрт улс төрийн амьдралд өргөнөөр оролцох боломжийг хүртээмжтэй нээлттэй байлгах зорилготой.

3. Төв байгууллага Монгол улсын Нийслэл хотод байрлана.

4.  Бэлгэдэл нь зүг чиг заагч дүрслэх ба Эрх чөлөөний үзэл санааг бэлгэднэ.

(Далбаа хэмжээнээс үл хамааран 2:1 харьцаатай байна)

 

5. Үзэл баримтлал

5.1. Хувь хүний эрх чөлөө

5.2. Хувийн өмч, өмчлөх эрх

5.3. Чөлөөт зах зээл

5.4. Хязгаарлагдмал төр, цомхон засаг

5.5. Эдийн зaсаг дахь төрийн оролцоог хязгаарлана

5.6. Чөлөөт өрсөлдөөн, эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө

5.7. Тэгшитгэх үзлийн эсрэг

5.8. Дабль стандартгүй хуулийн өмнө хүн бүр эрх тэгш

5.9. Дарангуйлал, түрэмгийллийн эсрэг

5.10. Оюун санааны эрх чөлөө, шинжлэх ухааны мэдлэг, туршлагыг хүндэтгэнэ

5.11. Өнгөрсөн - Өнөө - Ирээдүй гурван цагийн хэлхээс, уламжлал

5.12. Хараат бус, бие даасан, эрх чөлөөт Монгол улс

6. Эрх чөлөөний эвсэл нам нь Зон Олны намын хууль ёсны эрх залгамжлагч үргэлжлэл болохын хувьд Зон Олны намд хамаарах архив, өмч, эрх үүрэг бүхэлдээ Эрх чөлөөний эвсэл намд хамаарна. Цаашид Зон Олны намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэ тэмдгийг өөр бусад нам хуульд заасан хугацаанд дахин хэрэглэхийг хориглоно.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ЦАХИМ СИСТЕМ БА ГИШҮҮНЧЛЭЛ

 

7. Цахим системийг тогтмол хөгжүүлж үйл ажиллагаандаа ашиглана. Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу бүх шатны байгууллагын хуралдаан, санал хураалт, сургалт, зөвлөгөөн, гишүүн элсүүлэх, гишүүний татвар, хандив болон бусад ажиллагаа, олон нийтэд болон гишүүдэд чиглэсэн арга хэмжээг цахимаар явуулж болно.

8. Гишүүн нь дүрэм, үзэл баримтлал, хөтөлбөртэй бүрэн танилцаж дэмжсэн бусад намд харьяалалгүй, 18 нас хүрсэн, Монгол улсын иргэн байх бөгөөд цахим системээр бүртгүүлж болно. Цахим системд гишүүдийн бүртгэлийн нэгдсэн мэдээлэл төвлөрч давхар бүртгэл үүсэхгүй.

9. Гишүүн нь хуульд заасан эрх үүрэг хүлээнэ. Гишүүний үнэмлэх нь зөвхөн гишүүн мөн болохыг тодорхойлно. Гишүүнээ үзэл санаа, үзэл баримтлалынх нь хувьд Үндсэн хуулийн хүрээнд дэмжиж, хамгаална.

10. Гишүүн нь бүх шатны сонгуульт гишүүн, албан тушаалд дүрмийн хүрээнд чөлөөтэй нэрээ дэвшүүлэн сонгогдох, сонгох эрхтэй.

11. Бүх шатны байгууллагын сонгуульт албан тушаалд сонгогдсон гишүүнийг сонгуульт гишүүн гэнэ.

12.   Гишүүн нь төрийн, орон нутгийн сонгуульд нэр дэвшигчтэй зэрэгцүүлэн бие даан нэрээ дэвшүүлэхгүй.

13.   Гишүүнчлэлээс гарах, түдгэлзэх, сэргээх

13.1. Өөрийн хүсэлтээр гишүүнчлэлээс гарч болно. Мөн хуульд заасан бусад үндэслэл.

13.2. Монгол улсын хууль тогтоомжид заасан үндэслэлээр гишүүнээс түдгэлзэж, түдгэлзэх үндэслэл дууссан бол гишүүнчлэлээ сэргээх боломжтой.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

14. Бүтэц

14.1. Салбар Анхан шатны байгууллага

14.2. Удирдах дээд байгууллага ИХ ХУРАЛ

14.3. Төлөөллийн төв байгууллага СЕНАТ

14.4. Гүйцэтгэх төв байгууллага УДИРДАХ ЗӨВЛӨЛ

14.5. Хяналтын байгууллага АРБИТР

14.6. Бодлогын судалгааны байгууллага Улс төрийн боловсрол сан

 

15. АНХАН ШАТНЫ БАЙГУУЛЛАГА /Салбар/

15.1. Анхан шатны байгууллага аймаг, дүүргийн салбар байна. Аймаг, дүүргийн салбарыг гурваас доошгүй тооны гишүүд байгуулж болно. Салбар байгуулах тухай Удирдах зөвлөлд мэдэгдэж, сонгуулийн төв байгууллагад бүртгүүлнэ.

15.2. Аймаг, дүүргийн салбарын тэргүүнийг гишүүдийн олонхийн саналаар 4 жилийн хугацаатай сонгоно.

15.3. Аймаг, дүүргийн салбар нь Нийслэл, аймаг, сум, дүүргийн бүх шатны сонгуульд оролцох, нэр дэвшүүлэх болон Монгол улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн талаар Арбитр, Их хурал, Сенат, Удирдах зөвлөл, удирдлагуудад санал оруулж болно.

 

16. ИХ ХУРАЛ /Удирдах дээд байгууллага/

16.1. Удирдах дээд байгууллага Их хурал нь дөрвөн жилийн хугацаанд нэгээс доошгүй удаа хуралдана. Их хурлыг нийт төлөөлөгчдийн олонхи нь оролцсоноор хүчинтэйд тооцно. Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар ээлжит болон ээлжит бус Их хурлыг зарлан хуралдуулж болно;

16.2. Удирдах дээд байгууллага дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:

16.2.1. Дүрэм, хөтөлбөр батлах, шинэчлэн найруулах, нэмэлт, өөрчлөлт оруулах;

16.2.2. Намын нэр өөрчлөх

16.2.3. Төлөөллийн төв байгууллагын бүрэлдэхүүнийг сонгох, эсхүл батламжлах, хяналтын байгууллагын бүрэлдэхүүнийг сонгох, эдгээр байгууллагын тайланг хэлэлцэх;

16.2.4. Намыг өөрчлөн байгуулах, үйл ажиллагааг зогсоох;

16.2.5. Намын бүхий л асуудлаар шийдвэр гаргана;

16.3. Их хурлын  тов, төлөөлөгч сонгох журмыг Удирдах зөвлөл батална.

16.4. Их хурлын дэгийг хурал өөрөө тогтоож, тэргүүлэгчдээ сонгоно.

 

17. СЕНАТ /Төлөөллийн төв байгууллага/

17.1.   Төлөөллийн төв байгууллага Сенат нь 21 гишүүнтэй байна. Жилд нэгээс доошгүй удаа хуралдаж, гишүүдийн гуравны хоёроос дээш гишүүн оролцсоноор хурлыг хүчинтэйд тооцож, хуралд оролцогч гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргана.

17.2.   Сенатын гишүүдийн гуравны хоёр эсвэл Тэргүүн, Сенатын тэргүүн, Удирдах зөвлөл ээлжит болон ээлжит бусаар Сенатыг зарлан хуралдуулж болно..

17.3. Сенат нь дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ .

17.3.1 Сенатын гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь санал гаргавал дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно. Энэ нэмэлт, өөрчлөлт нь дүрмийн гуравны нэгээс хэтрэхгүй байна.

17.3.2. Тэргүүн, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, Сенатын тэргүүнийг сонгох, чөлөөлөх. Тэдгээрийн ажлын тайланг хэлэлцэж, дүгнэлт гаргах эрхтэй.

17.3.3. Сонгогдсон бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, орон гарвал нөхөн сонгох.

17.3.3. Монгол Улсын Их хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх, нэр дэвшигчдийг батламжлах, хөтөлбөр батлах. Эвсэлд нэгдэн сонгуульд оролцох эсэх шийдвэрийг олонхийн саналаар гаргана.

17.3.4. Монгол улсын Ерөнхий сайдаар томилуулах санал гаргах.

 

18. АРБИТР /Хяналтын байгууллага/

18.1. Хяналтын байгууллага Арбитр нь дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, дүрмээр зохицуулах дотоод маргааныг хянан шийдвэрлэнэ. Арбитр нь хараат бусаар ажиллах бөгөөд түүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.

18.2. Арбитрын гишүүнээр төлөөллийн төв байгууллага болон гүйцэтгэх төв байгууллагын гишүүн, орон тооны ажилтныг сонгохыг хориглоно.

18.3. Арбитрын бүрэлдэхүүнийг Их хурлаас сонгоно.

18.4. Арбитр нь дараах маргааныг хянан шийдвэрлэж, шийдвэртээ үндэслэлээ тодорхой бичнэ:

18.4.1. Дүрэм зөрчсөн эсэх;

18.4.2. Удирдлага болон түүний гишүүн хооронд үүссэн;

18.4.3. Дотоод сонгуультай холбогдон үүссэн;

18.4.4. Санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой.

18.5. Арбитр нь маргаан хянан шийдвэрлэх журамтай байна.

 

19. УДИРДАХ ЗӨВЛӨЛ /Гүйцэтгэх төв байгууллага/

19.1. Удирдах зөвлөлийг Их хурал эсвэл Сенатаас сонгоно. Удирдах зөвлөл нь гурав ба түүнээс дээш сондгой тооны гишүүдтэй байна. Удирдах зөвлөлийн хуралдаан гишүүдийн олонхи оролцсон бол хүчинтэйд тооцож гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргана. Тэргүүний санаачлагаар Удирдах зөвлөлийг зөвлөх гишүүдээр өргөтгөн хуралдуулж болно.

19.2. Удирдах зөвлөл дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ

19.2.1. Сенатаас эрх шилжсэн асуудлаар шийдвэр гаргах.

19.2.2. Ерөнхий нарийн бичиг сонгох.

19.2.3. Дэд тэргүүн сонгох.

19.2.4. Санхүүгийн асуудал хариуцсан удирдах ажилтныг томилох.

19.2.5. Ажлын хэсэг, ажлын алба байгуулж болно.

19.2.6. Бүх шатны байгууллагын уялдаа холбоог хангах.

 

20. УЛС ТӨРИЙН БОЛОВСРОЛ САН

20.1. Улс төрийн боловсрол сан нь бодлого боловсруулах, улс төр, эдийн засаг, шинжлэх ухааны чиглэлээр сургалт, судалгаа хийх, иргэдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, зөвлөх чиглэлээр ажиллана.

20.2. Сангийн хэлбэртэй үйл ажиллагаа явуулж холбогдох хуульд заасны дагуу үйл ажиллагаа, санхүүгээ тайлагнана.

20.3. Улс төрийн боловсрол сан бүх шатны удирдлагад нэр дэвшигч, төрийн бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн талаар Сенатад санал оруулж болно.

20.4. Улс төрийн боловсрол сан нь Тэргүүнтэй байх бөгөөд түүнийг Сенатын тэргүүн чөлөөлж, томилно.

 

21. УДИРДЛАГА

21.1. Удирдлага гэдэгт:

21.1.1. Тэргүүн

21.1.2. Сенатын тэргүүн

21.1.3. Ерөнхий нарийн бичиг

21.1.4. Дэд тэргүүн

 

22. Удирдлагуудын эрх үүрэг

22.1. Тэргүүн

22.1.1. Тэргүүн нь Эрх чөлөөний эвсэл намыг дотоод, гадаадад төлөөлнө.

22.1.2. Үзэл баримтлал, чөлөөт өрсөлдөөн, эв нэгдлийг эрхэмлэж, гишүүд дэмжигчдийн эгнээг тэлж, эрх чөлөөний үзэл санааг бэхжүүлж ажиллана.

22.1.3. Тэргүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байна. Төрийн бүх шатны сонгуульд ахисан түвшний амжилт үзүүлсэн тохиолдолд бүрэн эрхийн хугацааг 4 жил улираан сунгах тухай Сенат санал хурааж шийдвэрлэнэ.

22.1.4. Бүх шатны байгууллагын удирдлагыг сонгох, чөлөөлөх тухай Сенат болон Удирдах зөвлөлд санал оруулж болно.

22.1.5. Тэргүүн Сенат, Удирдах зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулж болно.  

22.1.6. Тэргүүн шийдвэрээ тушаал хэлбэрээр гаргана.

22.1.7. Тэргүүнийг төлөөллийн төв байгууллага Сенатаас сонгоно.

22.2. Сенатын тэргүүн

22.2.1. Сенатын тэргүүн нь Сенат ба бусад шатны байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж, төлөөллийн төв байгууллагын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

22.2.2. Сенатын тэргүүн Сенатыг зарлан хуралдуулж болно. 

22.2.3. Сенатын тэргүүнийг төлөөллийн төв байгууллага Сенатаас сонгоно.

22.2.4. Бодлогын судалгааны байгууллагын удирдлагыг томилно.

22.2.5. Тэргүүний эзгүйд болон түүнийг албан үүргээ гүйцэтгэх боломжгүй тохиолдолд бүрэн эрхийг нь хэрэгжүүлж, төлөөлөх үүрэг гүйцэтгэнэ.

22.3. Ерөнхий нарийн бичиг

22.3.1. Ерөнхий нарийн бичиг (General secretary) нь Тамгын газрын тэргүүн мөн. Бүх шатны хурлаас гарсан шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллана.

22.3.2. Ерөнхий нарийн бичгийг Удирдах зөвлөлөөс сонгоно.

22.3.3. Тамгын газрын бүтэц, бүрэлдэхүүн, удирдлагыг томилж чиг үүргээр хангана.

22.4. Дэд тэргүүн

22.4.1. Чиглэл хариуцсан гурав хүртэлх Дэд тэргүүнтэй байж болно. Дэд тэргүүнийг Удирдах зөвлөлөөс сонгоно.

22.4.2. Дэд тэргүүн нь хариуцсан чиглэлийн хүрээнд байр суурь илэрхийлнэ.

 

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

БУСАД

 

23. Сонгуульд нэр дэвшүүлэх

23.1. Төлөөллийн төв байгууллага Сенат, гүйцэтгэх төв байгууллага Удирдах зөвлөл болон хяналтын байгууллага Арбитрын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 40 хувиас доошгүй байна.

23.2. УИХ болон бүх шатны орон нутгийн сонгуульд нэр дэвших гишүүдийг сонгох үйл ажиллагааг Удирдах зөвлөлөөс баталсан журмын дагуу явуулна.

23.3 Сенат нь хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргаж, нэр дэвшигчийг бүртгүүлэх ажлыг Удирдах зөвлөл удирдлагаар хангана.

24. УИХ дахь бүлэг

24.1. УИХ-д сонгогдсон гишүүдээс УИХ дахь бүлэг бүрдэнэ. Бүлгийн даргыг дотроосоо сонгоно.

24.2. Бүлэг нь Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, мөрийн хөтөлбөрийн хүрээнд бие даан ажиллана.

24.3. УИХ-д намын байр суурийг илэрхийлэх, бодлого, шийдвэрийг УИХ-аас гарах хууль, тогтоол, шийдвэрт тусгах.

24.4. Бүлэг нь гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

24.5. Бүлэг нь үйл ажиллагааныхаа талаар Сенат, Удирдах зөвлөлд мэдээлнэ.

25. Хөрөнгө, санхүү, тайлан

25.1. Улс төрийн намын тухай хуульд заасан хэвлэл, сурталчилгааны материал болон өөрийн хөрөнгийг захиран зарцуулах замаар орлого олж болно.

25.2. Улс төрийн намын санхүүжилтэй холбоотой харилцааг Улс төрийн намын тухай хуульд зааснаар зохицуулна.

25.3. Улс төрийн намын санхүүгийн тайлантай холбоотой харилцааг Улс төрийн намын тухай хуульд зааснаар зохицуулна.

25.4. Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд гишүүн болон сонгуульт гишүүний татварын хэмжээ, санхүүгийн журмыг Удирдах зөвлөлөөс батална.

26. Тэмдэглэлт өдрүүд

- Их Монгол улс байгуулагдсан 1206 оныг жил бүрийн 9-р сарын 9-нд

- Тусгаар тогтнолын өдөр 1911 оны 12-р сарын 29 жил бүрийн тухайн өдөрт нь

- Анх үүсгэн байгуулагдсан 2016 оны 12-р сарын 06-ны өдрийг жил бүрийн тухайн өдөрт тус тус тэмдэглэнэ.

27. Энэхүү дүрмийг Монгол Улсын Дээд Шүүх бүртгэснээр хүчин төгөлдөр мөрдөгдөнө.