ЗОН ОЛНЫ НАМЫН ДАРГААР Г.ЭРДЭНЭТӨГС СОНГОГДЛОО

2018-04-22   1676

2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Зон Олны намын Бага хурал хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. ЗОН-ын Бага хурлын бүрэлдэхүүнд орон гарч нөхөн сонгосон байна. Мөн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөж 13 гишүүнтэй болжээ. ЗОН-ын Удирдах зөвлөлд нийт 7 хүн нэр дэвшин нууц санал хурааж Б.Нарангэрэл, Н.Сарангэрэл, Д.Насанбаяр нар олонхийн дэмжлэг авснаар Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.

ЗОН-ын дүрмэнд "Зон Олны нам гурав хүртэл нарийн бичгийн даргатай байна." гэж заасан байдаг. Тус хурлаар ЗОН-ын анхны нарийн бичгийн даргаар Б.Бямбагэрэл сонгогдлоо.

ЗОН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Идэр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцууллаа. Мөн ЗОН-ын намын дарга П.Очирпүрэв өнгөрсөн хугацааны ажлын тайлан, намын дотоод гадаад нөхцөл байдлын талаар илтгэл танилцуулж, өөрийн хүсэлтээр намын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Бага хурлын гишүүдийн олонхийн саналаар П.Очирпүрэвийг намын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

ЗОН-ын даргад Г.Эрдэнэтөгс, ЕНБД-д Э.Одбаяр нар тус тус нэр дэвшиж нууц санал хураалтын дүнд олонхийн саналаар дэмжлэг авч сонгогдлоо. Ийнхүү шинээр сонгогдсон ЗОН-ын дарга Г.Эрдэнэтөгс хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, Бага хурлын гишүүдийн санал хүсэлтийг сонслоо.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү